Дүүргүүдийг аймагтай ижил статустай болгоно

Нийтлэсэн огноо:
2016-10-12
Дүүргүүдийг аймагтай ижил статустай болгоно

Нийтлэсэн: Mongolian News Channel

 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт өргөн барилаа. Хууль батлагдсанаар Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй, таатай орчинтой, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан хот болж хөгжинө гэж хуулийг санаачлагчид үзэж байна.

Нийслэлийн хамгийн их хүн амтай нэг дүүрэг 320 мянган оршин суугчтай байгаа нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байна. Гэсэн ч сумын статустай ижил хэмжээнд ажиллаж байгаа нь төрийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг бууруулж, төв рүү чиглэсэн ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна.

Тиймээс үүнийг өөрчилж дүүргийг аймгийн статустай болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Мөн нийслэлийн Засаг дарга, засаг захиргааны чиг үүргийг нарийвчлан заасны зэрэгцээ нийслэлийн иргэн, оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг анх удаа тодорхой болгохоор төлөвлөжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойших 22 жилийн хугацаанд хот өргөжин тэлж, энэ хэрээр эдийн засаг, нийгмийн олон эерэг, сөрөг асуудал бий болж байгаа учир хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Статистик мэдээнээс үзвэл нийслэл хотод манай улсын хүн амын 46 хувь, аж ахуйн нэгжийн 68 хувь нь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж байгаа юм.




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд